RAW нь мэдрэгчид ирсэн бүхий л мэдээллийг агуулсан файл юм. Шууд утгаараа түүхий зураг.
JPEG нь мэдрэгчид ирсэн түүхий мэдээллийг камерын өөрийнх нь програм боловсруулж, шахаж гаргасан файл.
Canon камерын RAW нь .CR2 өргөтгөлтэй байдаг. Харин Nikon .NEF, Sony .ARW зэрэг өөр өөр өргөтгөлтэй байдаг.Зургаа илүү чанартай болгохыг хүсч байгаа бол RAW-ыг сонгох хэрэгтэй. Сүүлийн үеийн халаасны камерууд хүртэл RAW форматаар авдаг болсон. Яагаад RAW форматыг ашиглах вэ?
1. Чанар
Дээр хэлсэнчлэн мэдрэгчид ирсэн бүхий л мэдээллийг агуулдаг гэдгээрээ дүрсний чанар өндөр байдаг. Тухайн чанартай дүрсийг камер биш та өөрөө боловсруулж гаргах боломж олгодгоороо давуу талтай.
2. Гэрлийн шилжилт, буулгалтын алхам их
JPEG зураг нь 8bit байдаг бол RAW нь12bit болон 14bit зураг авдаг. Өөрөөр хэлбэл JPEG нь гэрлийн 256 үеийг бүртгэсэн байдаг бол RAW формат 4096-16384 хүртэлх үе бүхий гэрлийг бүртгэдэг. Энэ илүү зөөлөн, гэрэл, өнгөний шилжилт сайтай зураг бүтэхэд тус болдог.
Мөн дээр хэлсэн олон үе бүртгэж авснаар буулгалтын алхмыг өөрчлөх, харанхуй хэсгийг гэрэлтүүлэх, контраст болон гэрэлтэлтийг нэмэх зэрэг олон засвар өөрчлөлтийг зурагт хийх боломжтой. Хуучнаар бол хальс боловсруулахтай адил юм.
3. WB-ын асуудал үгүй
JPEG зурагт WB-ыг анх авахад яаж тааруулсан түүгээрээ үлддэг бөгөөд өөрчлөх боломжгүй байдаг бол RAW зурагт хүссэнээрээ өөрчлөх боломжийг олгодог.
WB-аа зөв тааруулсанаар, эсвэл хүссэнээрээ тааруулсанаар таны зураг илүү үзэмжтэй болж өгдөг.
4. Хүссэнээрээ боловсруулах боломж
Илүү их мэдээлэл цуглуулдаг гэдгээрээ RAW зурагт детал дээр ажиллах өргөн боломж гардаг. Sharpening нэмэх, Noise багасгах зэрэг боломжууд нь камерын өөр дээрээ хийдгээс илүүгээр нэмэлт програм дээр хийх боломжийг бий болгодог.
RAW зурагт засвар хийхэд эх зургандаа ямар ч хохирол учруулдаггүй бөгөөд засвар хийж дууссаны дараа өөр форматаар хадгалдаг. Энэ нь санаатай болон санамсаргүй байдлаар эх зургаа устгахаас сэргийлж байдаг давуу талтай. Мөн Lightroom, Aperture зэрэг програмуудад зургийг бөөнөөр засварлах боломж олгодог бөгөөд хэзээ хүссэн цагтаа хийсэн засвар боловсруулалтыг цуцалж анхны зургаа харахад RAW зураг л дээрх програмуудын давуу талыг гаргаж чадна.
Гэтэл үүний эсрэгээр JPEG зураг нь нээж үзэх бүрт, дахин дахин хадгалах бүрт чанараа алдаж байдаг.
5. Мэргэжлийнхэний сонголт
Гэрэл зургаар ажиллаж байгаа бол зураг чинь чанартай байхыг үргэлж шаарддаг. Тэрхүү шаардлагыг RAW формат л хангаж чаддаг.
Үүнд хэвлэлт, мөн COLORSPACE гэсэн ойлголт байна. Хамгийн чанартай хэвлэлтийг хүсч байгаа бол RAW зургаас гаргаж авдаг. COLORSPACE-ийг монголоор яаж тайлбарлахыг мэдэхгүй байна. Доорх зургаас харахад ойлгомжтой байхаа.
Энгийн хэрэглээнд, интернэт орчинд sRGB хангалттай байдаг бол илүү их өнгөний цараа гаргаж авахад Adobe RGB болон ProPhoto RGB-г сонгож зургаа гаргах боломжтой. Нэг RAW файлаас л дээрх бүх сонголтыг тус тусд нь гаргах боломжтой байдаг. Харин JPEG хэзээ ч энэ боломжийг бүрэн хангаж чадахгүй.
Мэдээж хэрэг энэ бүх давуу талуудын нөгөө талд сул тал гэж бий.Заавал боловсруулалт шаарддаг
JPEG форматыг зураг авсан даруйдаа ашиглах, камераасаа шууд хэвлэх боломжтой байдаг бол RAW зургийг заавал нэмэлт боловсруулалт ПС дээр хийж байж ашиглах боломжтой. Энэ тохиолдолд камерын RAW+JPEG тохиргоог ашиглаж болно. Гэхдээ энэ нь дараагийн нэг сул талыг дагуулж байдаг.
Зай багтаамж эх эзэлнэ
RAW зураг нь JPEG-ээс 2-3 дахин том хэмжээтэй байдаг. Энэ нь таны компьютерт илүү зай эзэлнэ л гэсэн үг юм. Камерын картанд ч мөн адил. Карт чинь амархан дүүрнэ. Илүү том багтаамжтай, мөн хурдтай карт хэрэгтэй болно. Энэ нь мөн дараагийн сул талыг бий болгож байна.
Камерыг удаашруулдаг
Том хэмжээтэй файл үүсгэдэг учир зургийг боловсруулахад камерт илүү хугацаа шаарддаг. Үргэлжилсэн олон зураг авахад зарим камерт RAW форматаар нэг дор олон үргэлжилсэн зураг авах боломжгүй байдаг. Гэтэл JPEG зурагт тийм зүйл байхгүй. Мөн үргэлжилсэн олон зураг авч байгаа тохиолдолд хурдтай карт шаарддаг. Үгүй бол зургуудыг хадгалж гүйцэхгүй удаашрах, гацах тохиолдлууд гарч болно. Харин сүүлийн үед картны хурд, багтаамж ихсэж үнэ нь багасаж байгаа нь сайн хэрэг. Зургаан жилийн өмнө 1GB карт 80000-аар авч байснаа санаж байна :D.
Эцэст нь ямар сонголт хийх нь таны л шийдвэр. Дараа дараагийн нийтлэлүүдэд RAW зураг хэрхэн боловсруулах талаар Lightroom Програмын тухай оруулнаа.
Via- http://gerelzuragtip.wordpress.com/
No comments:
Post a Comment